consul.mn

СИНГАПУРТ ЗОРЧИХ ИРГЭДЭД ӨГӨХ ОНЦГОЙЛОН
АНХААРАХ ЗӨВЛӨМЖ:

Сингапурт визгүй зорчих 30 хоногийн хугацааг хэтрүүлэхгүй байх

- Монгол Улсын иргэд Сингапурт 30 хүртэл хоног визгүй зорчих эрхтэй бөгөөд энэ хугацааг хэтрүүлэхгүй байх,

  • - Сингапурын хилийн шалган нэвтрүүлэх боомтын мэдүүлгийн хуудас дээр өөрийн аялалын зорилго, байх хугацаа, зочид буудал болон байрлах хаяг зэргийг дэлгэрэнгүй бичиж, танд өгөх хувийг буцаж хилээр гарах хүртлээ үрэгдүүлж болохгүй,

 

Сингапурын хилээр нэвтрэх үед биедээ авч явахыг зөвшөөрсөн валютын хэмжээ

  • Сингапурт аялахдаа доод тал нь 1000 сингапур доллар биедээ бэлнээр авч явах, харин 20,000-аас дээш сингапур доллар эсхүл түүнтэй тэнцэх валют бэлнээр биедээ авч яваа бол энэ талаар гаалийн мэдүүлэгт заавал мэдүүлэх, хэрэв мэдүүлээгүй тохиолдолд мөнгийг хурааж авах журамтай болохыг анхаарах,


СИНГАПУРЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХИЙГ ХОРИГЛОСОН
БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН:

  • Сингапурын  гааль, татварын газрын зөвшөөрөлгүйгээр эмчилгээний зориулалттайгаас бусад төрлийн бохь, зажилдаг тамхи болон электрон тамхи, гар бууны хэлбэртэй тамхины асаагуур, сэтгэцэд нөлөөлдөг бэлдмэл болон мансууруулах бодис, нэн ховордсон биологийн төрөл зүйл болон тэдгээрээс гаргаж авсан бүтээгдэхүүн, салют эсхүл тэсэрч дэлбэрэх бодис, садар самуун бүхий сонин сэтгүүл, бичлэг, диск,  зохиогчийн эрхийг зөрчиж хуулбарласан сонин сэтгүүл, бичлэг, тус улсын бодлого зарчмаас тэрсэлсэн болон өдөөн хатгасан материал, мэдээлэл, эмчийн жоргүй эм, бэлдмэл, тан, шүдэнз, баллонтой шүршигч, химийн бодис, цэвэрлэгээний шингэн, керосин, хий, будаг, түүнийг шингэрүүлэгч, үнэт эдлэл, үслэг эдлэл, зоос маркны цуглуулга зэргийг хилээр авч орохыг хатуу хориглодог болохыг анхаарах,

 

  • Мансууруулах бодисыг хууль бусаар тээвэрлэх, худалдах, ашиглахыг хатуу хориглодог бөгөөд цаазаар авах хүртэлх ялыг оноодог тул та анхаарал болгоомжтой байж, бусдын ачаа тээш, эд зүйлс авч явахгүй байхыг онцгой анхаарах,
  • Сингапурт согтуурсан болон мансуурсан этгээд олон нийтийн газар биеэ зөв бус авч явах тохиолдолд 6 сар хүртэл хугацаатай ял эдлэх, 1000 хүртэл сингапур долларын торгууль төлөх эсхүл хуулийн энэ 2 заалтыг зэрэг оногдуулдаг болохыг анхаарах,

 

  • Бүгд Найрамдах Сингапур Улсын хилээр
    нэвтрэхэд анхаарах зүйлс

                Улсын хилээр нэвтрүүлэх хориотой барааны жагсаалтыг дор дурдсан бөгөөд бусад бараа, материалаас илүүтэйгээр тамхи, тамхин бүтээгдэхүүний хорионд онцгой анхаарал хандуулдаг.  Хувийн хэрэглээний эм, эмийн бүтээгдэхүүн, зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүн, насанд хүрсэн этгээд тус бүрт нэг литр согтууруулах ундаа, 200 ширхэг тамхи (татвар төлсөн тохилдолд) нэвтрүүлэхийг тус тус хүлээн зөвшөөрдөг юм. Аливаа төрлийн бохийг улсын хилээр тээвэрлэх, тус улсад хэрэглэх нь хатуу хориотой бөгөөд 500 ам. долларын торгуультай.

    Бүгд Найрамдах Сингапур Улсын хилээр
    нэвтрүүлэх хориотой барааны жагсаалт:

    • Бохь;
    • Зажилдаг тамхи болон аливаа төрлийн тамхи орлуулагч (электрон тамхи);
    • Шингэн тамхи;
    • Аливаа төрлийн утаагүй тамхи, навчин тамхи, дүнсэн тамхи;
    • Никотин болон тамхины ургамал агуулсан аливаа төрлийн бүтээгдэхүүн;
    • Тамхи татах зориулалтаар бус хэрэглэх боломжтой хэдий ч ямарваа нэгэн хэмжээгээр никотин болон тамхины бодис агуулсан бүтээгдэхүүн;
    • Хамрын тамхи, никотины агууламжтай хүлхдэг чихэр;
    • Бүгд Найрамдах Энэтхэг Улсад үйлдвэрлэдэг тамхины орлуулагч (Gutka, Khaini, Zarda);
    • Гар бууны дүрс бүхий тамхины асаагуур;
    • Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бэлдмэл;
    • Ховордсон зэрлэг амьтан болон тэдгээрийн гаралтай бусад бодис;
    • Тэсэрч дэлбэрэх бодис (салют), тэсэлгээний хэрэгсэл;
    • Садар самуун сурталчилсан сэтгүүл, зурагт хуудас, видео хуурцаг болон бичлэг;
    • Зохиогчийн албан ёсны эрхгүй программ хангамж, видео болон аудио хуурцаг;
    • Ухаалгын материал (тухайн улс болон түүний улс төрийн тогтолцооны эсрэг өдөөн хатгалт, урвалтын агуулга бүхий баримт бичиг).

    Бүгд Найрамдах Сингапур Улсын Тамхины (Зар сурталчилгаа, худалдааны хяналт) тухай хуулийн дагуу электрон тамхи, электрон гаанс болон электрон сигарыг улсын хилээр нэвтрүүлэх, борлуулах, борлуулахыг санал болгох нь хатуу хориотой.  Мөн тамхин бүтээгдэхүүний агууламжтай, тамхины татах мэдрэмжийг төрүүлэх агууламж, дүрс хэлбэртэй бүх төрлийн бүтээгдэхүүнийг импортлох, түгээх, борлуулах, борлуулахыг санал болгох нь хориотой.
    Хууль зөрчсөн этгээдэд 10 000 ам. доллар хүртэлх мөнгөн торгууль эсхүл 6 сар хүртэлх хугацаагаар  хорих ял эдлэх хэмжээний ял ногдуулна. Давтан үйлдсэн тохиолдолд 20 000 ам.доллар буюу 12 сар хүртэлх хугацаагаар хорих ял эдлэх хэмжээний ял ногдуулна.
    Мөн дээр дурдсан жагсаалтын 2-8-д буй тамхи болон тамхины агууламжтай бүх төрлийн бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэх, борлуулах, борлуулахыг санал болгосон этгээдэд 10 000 ам. доллар хүртэлх мөнгөн торгууль эсхүл 6 сар хүртэлх хугацаагаар  хорих ял эдлэх хэмжээний ял ногдуулна.