consul.mn

ИХ БРИТАНИ, УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ВАНТ УЛС /ИБУИНВУ/-Д
ЗОРЧИХ ИРГЭДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

ИБУИНВУ-ын хилээр нэвтрэхэд анхаарах зүйлс

  • Британийн хилээр нэвтрэхээс өмнө “орох хуудас” (landing card)–ыг анх виз мэдүүлэхдээ өгсөн мэдээллийн дагуу үнэн зөв, гаргацтай бөглөх.
  • Паспортоо биедээ авч явах. Онгоцноос буухдаа паспортоо орхиж буух, алдах тохиолдол гардаг тул сонор сэрэмжтэй байх.
  • Суралцахаар ирж байгаа тохиолдолд сургуультай холбоотой бичиг баримт болон  сургуульд тэнцсэн баталгааны дугаар (Confirmation of Acceptance for Studies (CAS) number)-ыг гар тээшиндээ заавал авч явах.
  • Хилийн албаны ажилтан зорчигчийн хувийн байдлыг тодруулах шаардлагатай гэж үзвэл тодорхой баримт бичгийг, тухайлбал банкны дансанд холбогдох мэдээллийг шаардах эрхтэй.
  • Хилийн албаны ажилтан зорчих хугацаа, зорилгын талаар асуулт асууж хариулт авах эрхтэй тул анх виз мэдүүлснээс өөр зорилго, агуулга бүхий мэдээлэл өгөх нь хилээр нэвтрүүлэхгүй байх, түр цагдан хорих, нутагт тань албадан буцаах арга хэмжээ авах үндэслэл болох тул үнэн зөвөөр хариулах.
  • Бусдын бичиг баримтыг авч явах хориотой. Зайлшгүй шалтгаанаар бусдын бичиг баримтыг авч яваа бол энэ талаарх зохих нотолгоо тайлбарыг Англи хэлээр бичиж хавсаргах.
  • Хилийн албаны ажилтнуудтай зохисгүй харилцах, гүтгэх, арьс өнгө, бусад байдлаар ялгаварласан хандлага гаргах, худал хэлсэн тохиолдол бүр бүртгэгдэж, таныг хилээр нэвтрүүлэхгүй байх үндэслэл болдог.


ИБУИНВУ-ын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа бүтээгдэхүүн:

  • Хүнсний ямар нэг бүтээгдэхүүн хилээр авч орохыг хориглоно.
  • Тодорхой бараа бүтээгдэхүүнийг тээшиндээ авч явах дээд хэмжээг дагаж мөрдөх. Жишээ нь: янжуур тамхи 200 ширхэг буюу 2 блок, архи 1 литрээс дээшгүй байна.
  • Хуурамч буюу дууриамал бараа бүтээгдэхүүн, хар тамхи, зэвсэг, сум зэрэг хориотой бараа бүтээгдэхүүн.
  • Хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа, бүтээгдэхүүний дэлгэрэнгүй жагсаалттай доорх холбоосор орж танилцана уу.  (https://www.gov.uk/guidance/personal-food-plant-and-animal-product-imports)


  • ИБУИНВУ-ын хилэр нэвтрэх үед биедээ авч явахыг зөвшөөрсөн валютын хэмжээ:


  • Биедээ 10.000 еврогоос дээш хэмжээний бэлэн мөнгө авч явж байгаа тохиолдолд Гаалийн мэдүүлэг бөглөх шаардлагатай. Дэлгэрэнгүй мэдээллтэй доорх холбоосоор орж танилцана уу. (https://www.gov.uk/bringing-cash-into-uk)


ИБУИНВУ-ын хилээр нэвтэрсний дараа анхаарах зүйлс:

  • Олгосон визийн мэдээлэлд визийн хугацаа, ангилал, төрөл, хөдөлмөр эрхлэх эрхтэй эсэх, эрхтэй бол долоо хоногт ажиллах цагийн хязгаарыг заасан байдаг. Эдгээр нөхцөлийг зөрчвөл баривчлах, цаашлаад албадан гаргах үндэслэл болдог.
  • Британид байх хугацаа таны анх виз мэдүүлэхдээ бичиж өгсөн хугацаагаар тогтоогддог болохыг анхаарах. Тухайлбал, “С” ангиллын аялалын визийг олон удаагийн орох эрхтэй 6 сарын хугацаатай олгосон ч тус улсад 6 сарын турш амьдрах эрхтэй гэж ойлгож болохгүй. Хэрэв виз мэдүүлснээсээ урт хугацаагаар Британид оршин суусан тохиолдолд энэ нь таны дараагийн визэнд сөргөөр нөлөөлнө.


Оюутнуудад зориулсан зөвлөмж:

  • Хамгийн түрүүнд сургуульдаа бүртгүүлж, оюутны үнэмлэх (Student ID)-ээ авч, өөрт хамгийн ойр Өрхийн эмнэлэг (General Practitioner)-т бүртгүүлэх.
  • Элчин сайдын яаманд бүртгүүлэх. Яаралтай хэл дуулгах, ар гэрийн гачигдал, өвдөх зэрэг аливаа асуудал гарахад ЭСЯ-ндаа бүртгүүлсэн байвал тусламж үзүүлэхэд илүү хялбар байх болно. Доорх холбоосоор орж бүртгэлийн маягтыг татан авч бөглөн ЭСЯ-ны  otgonbayar@embassyofmongolia.co.uk хаягаар илгээх.
  • Аливаа үйлчилгээилгээ бүрт гэрээ байгуулдаг тул гэрээний нөхцөлүүдтэй сайтар танилцсаны дараа гэрээг байгуулах. Гэрээтэй танилцаагүйгээс үүдэн гэрээг цуцлах боломжгүй нөхцөлийг зөвшөөрсөн байх, илүү их төлбөр, торгууль төлөх байдал түгээмэл гардаг тул нөхцөл нэг бүрийг сайтар унших.


Сэрэмжлүүлэх зүйлс:

  • Хувийн бичиг баримтуудаа нягтлах. Гадаад паспортын хүчинтэй хугацааг нягталж, дуусахаас нь өмнө Лондон дахь ЭСЯ-нд хандаж сунгуулах. Виз, бусад бичиг баримтын хүчинтэй хугацааг нягталж байх нь таны үүрэг хариуцлага болохыг анхаарах.
  • Дотоодын хууль, дүрэмтэй сайтар танилцах. Гэмт хэрэг зөрчлөөс хэрхэн сэргийлэх, юуг гэмт хэрэг, зөрчилд тооцдог  талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй доорх холбоосоор орж танилцана уу. (http://www.cps.gov.uk/legal/v_to_z/youth_offenders)
  • Паспорт, виз, оршин суух үнэмлэх – Biometric Residence Permits (BRPs) бичиг баримтаа гээх, хулгайд алдах явдлаас сэрэмжлэх. Бичиг баримтаа гээгдүүлдсэн, хулгайд алдсан тохиолдолд цаг алдалгүй хамгийн ойр цагдаагийн байгууллагад мэдэгдэж бүртгүүлэх, бүртгүүлсэн тухай тодорхойлолт нотолгоо авах шаардлагатай. Дараах холбоосоор орж оршин суух үнэмлэх дахин авах мэдээлэлтэй танилцана уу. (https://www.gov.uk/biometric-residence-permits/replace)
  • Иргэд зайлшгүй мэдэх шаардлагатай олон асуудлаар мэдээлэл солилцдог Фейсбүүк дэх UK giin Mongol Zar буланд Британи дахь Монголчуудын холбоо, Элчин сайдын яамны үйл ажиллагааны талаарх зар мэдээг хүргэдэг тул түүнд заавал нэгдэх.


Цахим залилан, цахим гэмт хэргээс сэргийлэх:

  • Цахим ертөнц дэх эд зүйлс зарах, худалдан авах, байр, өрөө хөлслөх гэрээ байгуулах, урьдчилгаа болон барьцаа төлөх зэрэг төрөл бүрийн зарыг сайтар нягтлах. Баталгаагүй цахим хуудас, худалдаа, үйлчилгээ борлуулах гэсэн хуурамч саналуудаас болгоомжлох.
  • Бусдад бүтэн нэр, хаяг, банкны дансны мэдээлэл, цахим шуудан, утасны дугаарыг  өгөхгүй байх.
  • Банкны мэдээлэл нууц үгээ өөрчлөх хүсэлт ирсэн тохиололд илгээгчийн цахим шуудангийн хаягийг сайтар шалгах. Энэ асуудлаар банкиндаа хандаж лавлах шаардлагатай.
  • Банкны картын дугаарыг онлайн худалдааны олон веб сайтад бүртгүүлэх, сануулж орхихоос зайлсхийх.
  • Хэрэглэдэг компьютер вирусын эсрэг програмтай эсэх, тэдгээрийн хугацааг зохих ёсоор сунгасан эсэхийг сайтар нягтлах.
  • Худалдан аваагүй бараа, үйлчилгээний нэхэмжлэхийг нээж үзэхгүй байх. Зар сурталчилгааны болон хонжворын хэлбэрээр тодорхой линкээр нэвтрэхийг санал болгодог вирус түгээмэл байдгийг анхаарах.
  • Цахим залилангийн хохирогч болсон тохиолдолд Цахим гэмт хэрэгтэй тэмцэх төвийн 0300 123 2040 дугаарын утас руу цаг алдалгүй залгаж, зөвлөгөө авах, өргөдөл гомдлоо бүртгүүлэх боломжтой.
  • Таны найз нөхөд, ойр орчинд цахим гэмт хэрэг үйлдэгдэж байгаа бол энэ тухай мэдээллийг 0300 123 2040 дугаарын утсаар мэдээлж бусдыг гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэх боломжтой.
  • Дараах холбоосоор орж цахим гэмт хэрэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу. (https://www.actionfraud.police.uk/about-us)

 

Их Британи болон Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа орондоо амьдарч байгаа Монгол иргэдийн эрх зүйн мэдлэгт зориулан хүргэж байгаа цувралын хүрээнд “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас баривчлагдсан үед таны эдлэх эрх” сэдвээр боловсруулсан зөвлөмж, мөн суугаа орны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн орчуулгыг хүргэж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор орж үзнэ үү.  Criminal Procedure Regulation UK