“АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН АГААРЫН ТЭЭВРИЙГ ХЯЛБАРШУУЛАХ ФОРУМ (FALF 2025)” УЛААНБААТАР ХОТНОО АМЖИЛТТАЙ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Засгийн газар, Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-тай хамтран зохион байгуулж буй Ази, Номхон далайн бүсийн агаарын тээврийг хялбаршуулах форум (FALF 2025)” өнөөдөр Гадаад харилцааны яаманд албан ёсоор эхэллээ. Энэхүү форум нь Олон улсын иргэний агаарын тээврийн (Чикагогийн) конвенцын 9 дүгээр хавсралт батлагдсаны 75 жилийн ой болон Монгол Улсад иргэний нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог юм.

Форумыг нээн Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Э.Төрбаяр, ОУИНБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга  Хуан Карлос Салазар нар үг хэлж, ОУИНБ-ын Ази, Номхон далайн бүсийн захирал Ма Тао "Агаарын тээврийн хялбаршуулалт: Хамтын ажиллагаа, үр ашиг, хүртээмж" сэдвээр дэлгэрэнгүй илтгэл тавив.  

Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг хэлсэн үгэндээ “Олон талт хамтын ажиллагаа, бүс нутгийн интеграци, тогтвортой хөгжлийн гадаад бодлогын зарчмын байр сууринаас Монгол Улс иргэний нисэхийн салбарыг гадаадын олон улстай холбогдох, худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, ард түмнүүдийг холбох, хөгжлийн гүүр гэж үздэг. Энэхүү форум нь бүс нутгийн яриа хэлэлцээний индэр төдийгүй, агаарын тээврийн олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх дипломат харилцааны чухал үйл явдал болж байгааг онцлоод Монгол Улс агаарын тээврийг хялбаршуулахад ОУИНБ, түүний гишүүн орнууд болон холбогдох бүх талуудтай хамтран ажиллана гэдгийг нотолж, Ази, Номхон далайн бүсийн агаарын тээврийг хялбаршуулах форум бүс нутгийн агаарын тээврийн хамтын ажиллагаанд шинэ хуудас нээнэ гэдэгт итгэлтэй байна” гэж тэмдэглэв.   

ОУИНБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Хуан Карлос Салазар форумын оролцогчдод мэндчилгээ дэвшүүлж, Монгол Улсад иргэний нисэх хүчин үүсэж хөгжсөний  100 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэн, энэхүү чухал форумыг зохион байгуулж буй Монгол Улсын Засгийн газарт талархал илэрхийллээ.

Тэрбээр, дэлхийн агаарын тээврээр зорчигчдын тоо 2024 онд 4.6 тэрбум байсан бол 2050 он гэхэд 12.4 тэрбумд хүрнэ гэсэн төлөвтэй байгааг онцлон, үүний дийлэнх нь Ази-Номхон далайн бүс нутагт төвлөрөх тул хялбаршуулалтын дэд бүтцэд стратегийн хөрөнгө оруулалт хийх шаардлагатайг дурдав.

Х.К.Салазар хялбаршуулалт нь аюулгүй, хяналттай, шуурхай хил нэвтрэлтийг хангах гол хүчин зүйл бөгөөд Чикагогийн конвенцийн 9 дүгээр хавсралтын хэрэгжилт, хилийн удирдлага, зорчигчийн өгөгдлийн систем, аяллын баримт бичиг, хүртээмжийн стандартыг хангах үндэс суурь гэдгийг онцолж, ОУИНБ-ын 2026–2050 оны стратегийн төлөвлөгөөнд хялбаршуулалтыг "Хүн бүрт хүртээмжтэй, найдвартай, хялбаршуулсан агаарын тээвэр"-ийг зорилт болгон тусгасан талаар танилцуулан, 50 гаруй улсын сайд нар оролцон баталсан "Doha Declaration"-ы тухай мэдээлэв.

Х.К.Салазар мөн түүнчлэн хилийн болон салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх болон дижитал шинэчлэлийг түргэтгэх, системүүдийн уялдаа холбоог хангах гэсэн хоёр гол стратегийн чиглэлд анхаарахыг уриалав. Мөн форумын хэлэлцүүлгүүд үндэсний хялбаршуулалтын хөтөлбөр, бүс нутгийн хамтын ажиллагааны туршлага, ОУИНБ-ын “Аяллын дижитал батламж” (Digital Travel Credential) зэрэг шинэ технологийг онцлон тэмдэглэж, форумын үр дүнг ирэх 9 дүгээр сард болох ОУИНБ-ын 42 дугаар Ассамблейн чуулганд оруулж, 2026–2050 оны стратегийн хэрэгжилтийг урагшлуулах боломжтойг онцлоод, хамтын зорилго, мэргэжлийн мэдлэг чадварт тулгуурлан, агаарын тээврийг хүн бүрт хүртээмжтэй болгоход үнэтэй хувь нэмэр оруулахыг уриалав.  

Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Э.Төрбаяр Монгол Улс ОУИНБ-ын Стандарт ба Зөвлөмж (SARPs)-ийн дагуу сүүлийн жилүүдэд дараах ахиц дэвшлийг гаргасныг хэлсэн үгэндээ дурдав. Тухайлбал, зорчигчийн урьдчилсан мэдээлэл (API), нэрийн бүртгэлийн мэдээлэл (PNR), Чингис Хаан олон улсын нисэх буудалд цахим гарц болон дижитал үйлчилгээг нэвтрүүлж, Хялбаршуулалтын үндэсний хорооны ажлын уялдааг сайжруулж, ОУИНБ-ын Нийтийн түлхүүрийн санд (PKD) элссэн зэргийг онцлов.

Тэрбээр “Форумын хэлэлцэх асуудлууд нь цахим шилжилт, зорчих баримт бичгийн найдвартай аюулгүй байдал, бүс нутгийн хамтын ажиллагаа, чадавхийг бэхжүүлэх зэрэг тулгамдсан, бодит асуудлуудыг хөндөж буй бөгөөд эдгээр нь бүс нутгийн агаарын тээврийг илүү аюулгүй, хүртээмжтэй, үр ашигтай болгох суурь асуудлууд юм” хэмээн онцолж, “From Mongolia to the World: Seamless Skies Ahead” буюу ““Монголоос олон улсад хүрэх: Хялбаршуулсан агаарын тээврийн ирээдүй” хэмээх Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжлийн зорилт, олон улсын хамтын нийгэмлэг дэх манлайлал, санаачилга, хөгжлийн эрмэлзлийг илэрхийлсэн уриаг дэвшүүллээ. Энэхүү уриа нь агаарын тээврээр дамжуулан худалдаа, аялал жуулчлал, дипломат болон ард иргэдийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлж, олон улсын хамтын нийгэмлэгтэй улам ойртон холбогдох зорилтыг тодотгож буй юм.

Түүнчлэн, Э.Төрбаяр форумын үр дүнг баталгаажуулах дараагийн алхам болгож, ирэх 9 дүгээр сард болох ОУИНБ-ын Ази, Номхон далайн Иргэний нисэхийн ерөнхий захирлуудын 59 дүгээр хуралдаанд бүс нутгийн хялбаршуулалтын замын зургийг боловсруулж танилцуулах байр сууриа илэрхийллээ. Энэ нь форумын хэлэлцүүлэг, үр дүнг олон улсын түвшний шийдвэр гаргах механизм руу улам ойртуулах чухал алхам болно хэмээн дүгнэв.  

ОУИНБ-ын Ази, Номхон далайн бүсийн захирал Ма Тао "Агаарын тээврийн хялбаршуулалт: Хамтын ажиллагаа, үр ашиг, хүртээмж" сэдвээр дэлгэрэнгүй илтгэл тавьж, агаарын тээвэр нь урьд урьдынхаас илүү өргөн хүрээтэй болж, зорчигч, бараа, агаарын хөлгийг хил нэвтрүүлэх процессыг хялбаршуулах хэрэгцээ улам нэмэгдэж  буйг онцолсон. Өөрөөр хэлбэл хялбаршуулалт нь эдийн засгийн хөгжил, аюулгүй байдал, зорчигчийн аяллыг саадгүй хангах үндсэн хүчин зүйл хэмээн тодорхойлов.

Хялбаршуулалтын эрх зүйн үндэс суурь нь Чикагогийн конвенцын 14, 22, 23 болон 37 дугаар зүйлүүд бөгөөд эдгээр нь цар тахал, хил гааль, зорчигч урсгалын удирдлагыг зохицуулж, ОУИНБ-ын Стандарт, Зөвлөмж (SARPs)-ийг хэрэгжүүлэх үндэс болдог. Хялбаршуулалт нь мөн Annex 9-Facilitation, ОУИНБ-ын TRIP стратеги, болон Нийтийн түлхүүрийн сан (PKD)-тай салшгүй холбоотойг тэрбээр онцлон дурдлаа.

Тао Ма захирал 2026–2028 онд ОУИНБ-ын хялбаршуулалтын чиглэлээр хэрэгжүүлэх стратегийн үндсэн чиглэлд Annex 9-ийн хэрэгжилтийг үр дүнтэй хангах, гишүүн улсуудын үндэсний хөтөлбөрүүдийг хөгжүүлэх, зорчигчийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, бүс нутгийн уялдаа холбоог нэмэгдүүлэх зэрэг багтсаныг танилцуулав.

Зорчигчдын тоо жил бүр огцом өсч байгаа нь хялбаршуулалт, дижитал шилжилт, хиймэл оюун ухаан, кибер аюулгүй байдал зэрэг чиглэлд илүү анхаарал хандуулахыг шаардаж байна. 2010 онд дэлхий даяар 2.7 тэрбум зорчигч аялж байсан бол 2040 он гэхэд энэ тоо 8.4 тэрбумд, 2050 он гэхэд 12.4 тэрбумд хүрэхээр байгаа нь хялбаршуулалтын тогтолцоог шинэчлэх, илүү уян хатан, хүртээмжтэй болгох зайлшгүй шаардлагыг үүсгэж байна. Ноён Тао Ма энэхүү форум нь бүс нутгийн улс орнуудын уялдаа холбоог бэхжүүлж, цаашдын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах ховор боломж хэмээгээд, “хамтын ажиллагаа, үр ашиг, хүртээмж” гэсэн зарчмыг хамтдаа хэрэгжүүлж, агаарын тээврийн хялбаршуулалтыг бүс нутагт бодитоор урагшлуулахыг уриалсан юм.

“Ази, Номхон далайн бүсийн агаарын тээврийг хялбаршуулах форум (FALF 2025)”-д ОУИНБ-ын Агаарын тээврийн товчооны Хялбаршуулалтын хэлтсийн дарга Наржесс Абденнеби, Нийтийн түлхүүрийн сангийн хөтөлбөрийн менежер Киаран Каролан тэргүүтэй тус байгууллагын Монреал хот дахь төв оффисын албаны хүмүүс, Ази, Номхон далайн бүс нутгийн гишүүн улсын төлөөлөгчид, Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA), Интерпол зэрэг байгууллагын төлөөлөл болон Монгол Улсын холбогдох байгууллагын нийт 150 орчим төлөөлөгчид оролцож байна.

Форумын бүрэн хөтөлбөр болон нэмэлт мэдээллийг дараах холбоосоор авна уу.

Facilitation Regional Forum Mongolia 2025