Цахим апостиль программын олон улсын 14 дэх форумд Монгол Улсаас цахимаар оролцов
Олон улсын хувийн эрх зүйн Гаагийн бага хурал Марокко Улсын Хууль зүйн яамтай хамтран энэ сарын 12-13-ны өдрүүдэд Марракеш хотноо зохион байгуулж буй Цахим апостиль программын олон улсын 14 дэх форумд Монгол Улсын Гадаад харилцааны яамны Консулын газрын захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Бат-Орших тэргүүтэй төлөөлөл цахимаар оролцов.
Монгол Улсын Гадаад харилцааны яамны Консулын газраас тус форумд “Монгол Улсад цахим апостиль болон цахим бүртгэлийн системийг нэвтрүүлсэн туршлага” сэдвийн хүрээнд Монгол Улсын Төрийн үйлчилгээний нэгдсэн систем "E-Mongolia"-д тулгуурлаж бий болгосон цахим апостиль гэрчилгээ авах үйлчилгээ, түүнийг шалгах цахим бүртгэлийн систем, цахим апостиль гэрчилгээний давуу талын талаар дэлгэрэнгүй танилцуулан, Апостилийн конвенц буюу “Гадаадын албан ёсны баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг халах тухай конвенц”-д заасны дагуу апостиль гэрчилгээг цаасан, эсхүл цахим суурьтайгаас үл хамааран хүлээн зөвшөөрөхийг тус Конвенцын гишүүн орнуудад уриалав.




