Монгол Улс, Оросын Холбооны Улсын Гадаад харилцааны яамд хоорондын Консулын зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо зохион байгуулагдав
Монгол Улс, Оросын Холбооны Улсын Гадаад харилцааны яамд хоорондын Консулын арван наймдугаар зөвлөлдөх уулзалт 2026 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдав.
Тус уулзалт нь олон жилийн турш тасраад байсан консулын зөвлөлдөх механизмыг сэргээж буйгаараа ач холбогдолтой болж, хоёр улсын консулын хамтын ажиллагааг идэвхжүүлэх чухал алхам боллоо.
Уулзалтын үеэр талууд хоёр улсын иргэдийн харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, консулын үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл солилцов. Мөн хоёр улсын нутаг дэвсгэрт оршин суугаа болон зорчиж буй иргэдтэй холбоотой тулгамдаж буй асуудлуудыг шат дараатай шийдвэрлэх, мэдээлэл солилцооны механизмыг боловсронгуй болгох, яаралтай нөхцөл байдалд харилцан шуурхай хамтран ажиллах асуудлаар санал солилцов.
Түүнчлэн, талууд хөдөлмөр эрхлэлт, боловсрол, аялал жуулчлалын зорилгоор харилцан зорчиж буй иргэдийн тоо өсөн нэмэгдэж буйтай холбогдуулан консулын байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, туршлага солилцох чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиров.
Мөн талууд консулын асуудлаарх зөвлөлдөх уулзалтыг тогтмолжуулж, хоёр улсын иргэдийн эрх ашигт нийцсэн бодит үр дүнтэй хамтын ажиллагааг цаашид улам эрчимжүүлэхээр санал нэгдэв.




