БНСУ-ЫН ХИЛЭЭР НЭВТРЭХ ХУУДАС /ARRIVAL CARD/ БӨГЛӨХӨД АНХААРАХ ЗҮЙЛ
Arrival Card буюу Хилээр Нэвтрэх Хуудас нь БНСУ-д зорчиж буй гадаад иргэдийн заавал бөглөх шаардлагатай бичиг баримт юм. Энэ хуудсыг онгоцонд тараах ба бөглөөгүй тохиолдолд хил дээр “Бичиг баримт бөглөх” хэсгээс авна. Шалган нэвтрүүлэх хуудсыг англи эсвэл солонгос хэлээр гаргацтай бөглөнө.
1. Хаяг буюу оршин суух газар
Ø БНСУ-ын визийн хүсэлт гаргахдаа мэдүүлсэн оршин суух газрын хаяг болон хилийн шалган нэвтрүүлэх хуудас дээр бөгөлсөн хаягийн мэдээлэл зөрөхгүй байх шаардлагатай. Хэрэв дээрх хаягийн мэдээлэл зөрсөн тохиолдолд хилээр нэвтрүүлэхгүй байх үндэслэл болох болзошгүй юм.
Ø Зочид буудал, Найз нөхдийн хаяг, Түр оршин суух газар зэргийг тодорхой бичих хэрэгтэй. Зочид буудалд байрлах бол буудлын нэр, хаяг заавал байх ёстой. Жишээ нь: Lotte Hotel- Seoul, 30 Eulji-ro, Jung-gu, Seoul гэх мэтээр бөглөнө.
Ø Хэрэв шаардлагатай тохиолдолд шалган нэвтрүүлэх албаны байцаагч нь таны Солонгос улсад байрлах хаягийн үнэн зөвийг тодруулахын тулд Нэвтрэх хуудас дээр бөглсөн хаяг руу холбогдож, тухайн хаягт таны ямар хугацаанд байрлах зэрэг тус улсад оршин суухтай холбоотой мэдээллийг тодруулах магадлалтай байдаг. Иймд та зочид буудалд байрлах бол төлбөрийн урьдчилгаа төлж, захиалгаа заавал баталгаажуулаарай.
2. СОЛОНГОС УЛСАД ХОЛБОО БАРИХ УТАСНЫ ДУГААР
Ø Энэ хэсэгт та өөрийн эсвэл Солонгос улсад буй танил /хамаатан, садан/-ын утасны дугаарыг бичнэ. Мөн зочид буудлын дугаар бичиж болно. Визийн хүсэлт гаргахдаа тэмдэглэсэн утасны дугаар болон шалган нэвтрүүлэх хуудас дээр бөглөсөн утасны дугаарын мэдээлэл зөрөхгүй байхыг анхаарна уу. Түүнчлэн, БНСУ-д зорчихоос өмнө “Нэвтрэх хуудас дээр тэмдэглэсэн утасны дугаар эзэмшигч байгууллага болон хувь хүн”-тэй урьдчилан холбогдож, хил нэвтрэх цаг хугацаанд утсаа биедээ ойрхон байлгах, шалган нэвтрүүлэх албаны байцаагч залгах үед Таны талаар тодорхой мэдээлэл өгөх боломжтой байхыг анхааруулах нь зүйтэй.
Ø Шалган нэвтрүүлэх албаны байцаагч Нэвтрэх хуудас дээр таны бөглөсөн утсанд холбогдож, тантай ямар хамааралтай эсэх, таны зорчих зорилго, тус улсад оршин суух хугацаа, байрлах хаяг зэрэг мэдээллийг тодруулах бөгөөд энэ үед шалган нэвтрүүлэх албаны байцаагчид таны мэдүүлсэн мэдээлэлтэй зөрөхгүй байх шаардлагатай.
3. ЗОРЧИХ ЗОРИЛГО
Ø Нэвтрэх хуудас дээр Аялал жуулчлал (Tourism), Ажил хэрэг бизнес (Business), Зочлох (Visiting), Хөдөлмөр эрхлэлт (Employment), Бусад гэсэн сонголтууд байдаг бөгөөд та энэ хэсгээс өөрийн зорчих зорилгыг зөв сонгож, бөглөх хэрэгтэй. БНСУ-ын Цагаачлалын хяналтын хуулийн дагуу хилийн шалган нэвтрүүлэх албаны байцаагч нь таны тус улсад зорчих зорилго нь танд олгогдсон визийн статустай тохирч буй эсэхийг тодруулах тохиолдолд “Та өөрийн визийн статусын дагуу зорчих зорилгоо тодорхойлох” бөгөөд үүнийг нотолсон бичиг баримтыг мөн биедээ авч явах нь тус улсын хилээр нэвтрэхэд дөхөм болохыг сануулж байна.