FALF 2025: АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН АГААРЫН ТЭЭВРИЙГ ХЯЛБАРШУУЛАХ ФОРУМ УЛААНБААТАР ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
Монгол Улсын Засгийн газар, Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-тай хамтран “Ази, Номхон далайн бүсийн агаарын тээврийг хялбаршуулах форум (FALF 2025)”-ыг 2025 оны 7 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Энэхүү форум нь Чикагогийн конвенцын 9 дүгээр хавсралт батлагдсаны 75 жилийн ой болон Монгол Улсад иргэний нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог юм.
Монгол Улс нь бүс нутгийн 39 гишүүн орны төлөөлөгчдийг Улаанбаатар хотноо хүлээн авч, агаарын тээврийн хялбаршуулалтын үндэсний хөтөлбөр, хороодыг бэхжүүлэх, хил, гаалийн хяналт болон бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Нийтийн түлхүүрийн сан (PKD)-ийн хэрэгжилт, зорчигчийн мэдээллийн систем (API, PNR), НҮБ-ын CT TRAVEL хөтөлбөр, хиймэл оюун ухаан, автоматжуулалт, хил нэвтрэх шинэ технологийг нэвтрүүлэх, аюулгүй, үр ашигтай, уялдаа холбоотой агаарын тээврийн тогтолцоог дэмжих чухал талбарыг бүрдүүлэхээр зорьж байна.
FALF 2025 нь гишүүн орнуудын холбогдох байгууллагууд, олон улсын мэргэжилтнүүдийн дунд мэдээлэл, туршлага солилцох, тулгамдаж буй сорилт, шийдлийн талаар хамтран хэлэлцэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал боломжийг бүрдүүлнэ.
Монгол Улс болон ICAO хамтран Ази, Номхон далайн бүсийн гишүүн улсуудын бодлого боловсруулагчид, хил, гааль, иргэний бүртгэлийн байгууллагууд, агаарын тээвэр, нисэх буудлын операторууд болон холбогдох бүх байгууллагуудыг FALC 2025 форумд оролцохыг халуун дотноор урьж байна.
Бүртгэл 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл нээлттэй бөгөөд нийт оролцогчдын тоо 120 хүнээр хязгаарлагдана.
Дэлгэрэнгүй мэдээлэл болон бүртгэлийг дараах холбоосоор авна уу:
👉 https://www.icao.int/Meetings/FALForumMongolia