
ӨРГӨМЖИТ КОНСУЛ П.ТИНАД ЭКЗЕКВАТУР ГАРДУУЛАВ
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Бүгд Найрамдах Чили Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консул П.Тинад 2025 оны 6 дугаар сарын 3-ны өдөр экзекватурыг нь гардуулан өгч, үүрэгт ажилдаа албан ёсоор орж байгаатай нь холбогдуулан баяр хүргэж, ажлын амжилт хүсэв.
Экзекватур гардуулах үеэр Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Монгол, Чилийн хоёр талын харилцаа болон худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, соёлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр идэвх санаачилгатай ажиллахыг Өргөмжит консулаас хүсэв.
Монгол Улс, Бүгд Найрамдах Чили Улс нь 1971 оны 6 дугаар сарын 1-ний өдөр дипломат харилцаа тогтоож байсан бөгөөд П.Тина нь Чили Улсаас манай улсад томилогдон ажиллаж байгаа хоёр дахь Өргөмжит консул юм.