ЭЛЧИН САЙД С.ЗОЛЖАРГАЛ ДОМИНИКАНД СУУХ ӨРГӨМЖИТ КОНСУЛД ПАТЕНТ, ТАМГЫГ НЬ ГАРДУУЛАН ӨГЧ, ҮҮРЭГТ АЖЛЫГ НЬ АЛБАН ЁСООР ЭХЛҮҮЛЭВ

Монгол Улсаас Доминиканы Бүгд Найрамдах Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Золжаргал тус улсын нийслэл Санто Доминго хотод ажиллах үеэрээ Монгол Улсаас Доминиканы Бүгд Найрамдах Улсад суух Өргөмжит консулаар томилогдсон Мигель Калсада Леонд Өргөмжит консулын патентийг тамгын хамт гардуулан өгч, үүрэгт ажлыг нь албан ёсоор эхлүүллээ.

Элчин сайд С.Золжаргал Өргөмжит консул Мигелийг Доминиканд суух Монгол Улсын анхны Өргөмжит консулаар томилогдсонд баяр хүргээд ажлын өндөр амжилт хүсэж, Монгол Улсын иргэдийн хууль ёсны эрх ашгийг ямагт хамгаалж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулан ажиллахыг захив.

Монгол Улс Доминиканы Бүгд Найрамдах Улстай 2010 оны 5 дугаар сарын 27-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 15 жилийн ой тохиож байгаа юм.