ИРГЭДИЙН АНХААРАЛД (2026.06.10)
Вьетнам Улсын Засгийн газрын 2026 оны 165 дугаар тогтоолын дагуу 2026 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Вьетнам Улсад нэвтрэх, тус улсаас гарах болон Вьетнамын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх бүх зорчигч заавал эрүүл мэндийн мэдүүлэг бөглөх журам хэрэгжиж эхлэх болсныг тус улс руу зорчих, дамжин өнгөрөхөөр төлөвлөж буй иргэд та бүхэнд анхааруулж байна.
Уг журмын дагуу эрүүл мэндийн мэдүүлгийг англи болон вьетнам хэлээр цахим болон цаасан хэлбэрээр бөглөх боломжтой бөгөөд зорчигчид аялал эхлэхээс 7 хоногийн өмнө мэдүүлгээ бөглөсөн байх ёстой.
Мөн халдварт өвчний эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд хил дээр биеийн халуун хэмжих, нэмэлт үзлэг хийх, вакцинжуулалтын гэрчилгээ болон холбогдох бусад баримт бичгийг шалгах зэрэг эрүүл мэндийн хяналтын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг анхааруулсан байна.
Эрүүл мэндийн мэдүүлэг бөглөх цахим системийн зааварчилгаа, албан ёсны цахим хуудасны холбоосыг Вьетнам Улсын Эрүүл мэндийн яамнаас удахгүй баталгаажуулан гаргах бөгөөд нэмэлт мэдээллийг тухай бүрд нь шинэчлэн хүргүүлэх болно.




