БАЙГАЛИЙН ГАМШГААС СЭРЭМЖЛҮҮЛЭХ АНХААРУУЛГА

Япон Улсад зорчихоор төлөвлөж буй болон тус улсад оршин суугаа

иргэдийн анхааралд

Сүүлийн өдрүүдэд Япон Улсын зарим бүс нутагт хүчтэй аадар бороо, үер, хөрсний нуралт зэрэг байгалийн гамшгийн эрсдэл нэмэгдэж байгаатай холбогдуулан тус улсад оршин суугаа болон түр хугацаагаар зорчиж буй Монгол Улсын иргэдийг болзошгүй гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Тухайлбал, тус улсын Айчи болон Гифү мужид 9 дүгээр сарын 8-ны орой хүчтэй аадар бороо орсны улмаас барилга байгууламж усанд автаж, зам талбайд үер буусны улмаас ихээхэн хохирол учруулаад байна. Мөн Шёнай голд нэг хэсэгтээ “5 дугаар түвшний үерийн онцгой сэрэмжлүүлэг” буюу хамгийн өндөр зэргийн сэрэмжлүүлэг зарласан байна.

Мөн 9 дүгээр сарын 9-ний өглөө 09:30 цагийн байдлаар Кагава, Осака, Вакаяма, Нагано, Яманаши мужийн зарим нутагт “4 дүгээр түвшний хөрсний гулгалтын аюулын сэрэмжлүүлэг”, Кагава болон Эхимэ мужийн зарим нутагт “4 дүгээр түвшний хүчтэй аадар борооны аюулын сэрэмжлүүлэг” тус тус зарлаад байна.

Иймд Японд оршин суугаа болон түр хугацаанд тус улсад зорчиж буй иргэд Та бүхэн Япон Улсын Цаг уурын агентлаг (JMA) болон оршин суугаа газрынхаа орон нутгийн захиргаанаас гаргаж буй газар хөдлөлт, цунами, аадар бороо, үер, хөрсний нуралт, тайфун болон бусад байгалийн гамшгийн талаарх мэдээлэл, сэрэмжлүүлгийг тогтмол авч, тухай бүр анхааралтай дагаж мөрдөнө үү.

Японы гамшгийн үеийн сэрэмжлүүлгийн түвшин нэмэгдэх тусам иргэд өөрийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг шуурхай авах шаардлагатай. Тухайлбал, 5 дугаар түвшний сэрэмжлүүлэг нь амь насанд аюул учирч болзошгүй тул байгаа газартаа аюулгүй байдлаа нэн даруй хангах шаардлагатайг илэрхийлдгийг анхаарна уу.

Мөн оршин суугаа газрынхаа нүүлгэн шилжүүлэх байр, аюулгүй газар хүрэх зам, яаралтай үед холбоо барих утас зэргийг урьдчилан тодорхойлж, гар утас болон холбооны хэрэгслийн цэнэгийг бүрэн байлгахыг зөвлөж байна.

Харин Япон Улсад зорчихоор төлөвлөж буй иргэд аяллын өмнө болон зорчих хугацаандаа цаг агаар, гамшгийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг тогтмол шалгаж, шаардлагатай тохиолдолд аяллын чиглэл, хуваарьт өөрчлөлт оруулахыг зөвлөж байна.

Иргэд Та бүхэн байгалийн гамшгийн үед аливаа эрсдэлийг зөв тооцоолж, холбогдох байгууллагын сэрэмжлүүлэг, зааврыг цаг алдалгүй дагаж мөрдөхийг анхаарна уу.

            Шаардлагатай тохиолдолд Монгол Улсаас Япон Улсад суугаа дараах Дипломат төлөөлөгчийн газарт хандана уу.

 

Токиод суугаа Элчин сайдын яам:

Embassy of Mongolia in Japan, 21-4 Kamiyama-Cho, Shibuya- Ku, Tokyo 150-0047

Утас: 81 (3) 3469-2088

81 (3) 3469 2195, 81 (3) 3469 2179 (Консулын газар)

81 (3) 3469 2162 (Ёслол), 9868-2299 (гар утас)

Факс: 81 (3) 3469 2216

Цахим шуудан: [email protected]

Facebook: MongolEmb

Шуурхай утас: +81 9033191397

 

Осакад суугаа Ерөнхий консулын газар:

Consulate General of Mongolia in Osaka, 3f Estate Bakurochiyou BLDG

1-4-10 Bakuromachi,Chuo-ku, Osaka City Japan 541-0059

Утас : 81 (6) 4963-2572, Факс: 81 (6) 4963-2574

Цахим шуудан: [email protected]

Facebook: ConsulateGeneralOfMongoliaInOsaka/

Шуурхай утас: +81 649632572

 

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ