Австралийн виз мэдүүлэгч Монгол Улсын иргэдээс биометрик мэдээлэл авч эхэллээ
Австрали Улс визийн системийн аюулгүй байдал, үр ашиг, найдвартай байдлыг хангах зорилгоор Монгол Улсад виз мэдүүлж буй иргэдийн биометрик мэдээлэл буюу хурууны хээ, цээж зургийг бүртгэх хөтөлбөрийг 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхэллээ.
Энэхүү хөтөлбөр нь Австралийн визийн тогтолцооны аюулгүй байдлыг бэхжүүлэх хүрээнд дэлхийн 60 орчим улсад хэрэгжиж буй арга хэмжээний нэг юм.
Виз мэдүүлэх явцад биометрик мэдээлэл шаардлагатай тохиолдолд Австралийн Дотоод хэргийн яамнаас тухайн виз мэдүүлэгчид албан ёсоор мэдэгдэж, мэдээллээ хэрхэн бүртгүүлэх талаар холбогдох зааварчилгааг хүргүүлэх юм.
Виз мэдүүлэгчийн нөхцөлөөс хамааран Австралийн биометрик бүртгэх төвд биечлэн очиж мэдээллээ өгөх эсвэл “Australian Immi App” аппликэйшн ашиглан цахимаар өгөх шаардлагатай болно. Өмнө нь Австралийн биометрик мэдээлэлд бүртгэгдсэн, гадаад паспортын хугацаа хүчинтэй иргэд Australian Immi App ашиглан биометрик мэдээллээ үнэ төлбөргүйгээр өгөх боломжтой.
Шинэ шаардлага нь 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс хойш виз мэдүүлж буй Монгол Улсын иргэдэд хамаарах бөгөөд уг өдрөөс өмнө гаргасан визийн мэдүүлэгт нөлөөлөхгүй.
Иймд Австрали Улсад зорчихоор төлөвлөж буй иргэд виз мэдүүлэхдээ Австралийн Дотоод хэргийн яамнаас ирүүлэх албан ёсны мэдэгдэл, зааварчилгаатай танилцаж, шаардлагатай тохиолдолд биометрик мэдээллээ хугацаанд нь бүртгүүлэхийг анхаарна уу.
Эх сурвалж: Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам




