ЯПОН УЛСЫН ТАТВАРГҮЙ ХУДАЛДААНЫ ТОГТОЛЦООНД ОРСОН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ
Япон Улсын Засгийн газраас гадаад жуулчдад зориулсан хэрэглээний татварын (Tax Free) чөлөөлөлтийн тогтолцоог шинэчилж, 2026 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс “татвар буцаан олгох тогтолцоо” (Refund System)-г хэрэгжүүлж эхэллээ.
Шинэ тогтолцооны дагуу Япон Улсад түр хугацаагаар зорчиж буй гадаад иргэд татваргүй худалдаа эрхлэх зөвшөөрөлтэй дэлгүүрээс бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа хэрэглээний татварыг эхлээд төлж, Япон Улсаас гарахдаа худалдан авсан бараагаа гаалийн байгууллагад шалгуулсны дараа төлсөн татвараа буцаан авах боломжтой болсон.
è Гол өөрчлөлт
Өмнөх тогтолцоо: Гадаад жуулчид татваргүй худалдааны дэлгүүрээс бараа худалдан авахдаа хэрэглээний татвараас шууд чөлөөлөгддөг байсан.
Шинэ тогтолцоо: Бараа худалдан авахдаа хэрэглээний татварыг төлж, Япон Улсаас гарах үедээ бараагаа гаалийн шалгалтад хамруулан холбогдох нөхцөлийг хангасан тохиолдолд татварын буцаан олголт авна.
è Иргэд юуг анхаарах вэ?
- Гадаад паспортоо авч явах: Татваргүй худалдааны үйлчилгээнд хамрагдахдаа хүчинтэй гадаад паспортоо тухайн дэлгүүртээ үзүүлнэ.
- Зөвшөөрөлтэй дэлгүүрээс худалдан авалт хийх: “Tax-Free” тэмдэглэгээ бүхий татваргүй худалдааны эрхтэй дэлгүүрээс бараа худалдан авсан байх шаардлагатай.
- Худалдан авалтын доод хэмжээ: Нэг дэлгүүрээс тухайн өдөртөө худалдан авсан барааны татвар оруулаагүй нийт үнэ 5,000 иенээс багагүй байх.
- 90 хоногийн хугацаа: Худалдан авсан өдрөөс хойш 90 хоногийн дотор Япон Улсаас гарахдаа гаалийн баталгаажуулалт хийлгэх.
- Бараагаа бүрэн авч гарах: Нэг баримтад бүртгэгдсэн бараанаас аль нэг нь байхгүй бол тухайн баримтад хамаарах бүх барааны татварын буцаан олголт хүчингүй болох боломжтой.
- Ачаа тээшээ бүртгүүлэхээс өмнө: Нисэх буудлын аюулгүй байдлын шалгалтад орохоосоо өмнө татварын буцаан олголт авах бараагаа гаальд үзүүлж, шаардлагатай баталгаажуулалтыг хийлгэнэ. Үүний дараа ачаа тээшээ бүртгүүлнэ.
- Япон Улсын Нарита, Ханэда, Кансай, Чүбү, Шинэ Читосэ, Фүкүока, Наха нисэх буудалд тусгай нөхцөлөөр цахим баталгаажуулалт хийх боломжтой.
è Түүнчлэн
- Худалдан авсан бараагаа Япон Улсаас гадагш авч гараагүй, эсхүл шаардлагатай гаалийн баталгаажуулалт хийгдээгүй тохиолдолд татварын буцаан олголт авах боломжгүй.
- Гаалийн байгууллага худалдан авсан барааг биетээр шалгах шаардлага тавьж болзошгүй тул бараагаа шалгуулахад бэлэн, гаргаж үзүүлэх боломжтой байлгана.
- Татварын буцаан олголт авах журам, хугацаа, арга хэлбэрийг худалдан авалт хийсэн дэлгүүрээс урьдчилан тодруулна.
- Япон Улсад оршин суугаа Монгол Улсын иргэн бүр энэхүү татварын хөнгөлөлтөд шууд хамрагдахгүй бөгөөд холбогдох хууль, эрх зүйн шаардлагыг хангасан тохиолдолд уг хөнгөлөлтийг эдлэх боломжтой.
Иймд Япон Улсад аялал жуулчлал болон богино хугацаагаар зорчиж буй Монгол Улсын иргэд татваргүй худалдааны шинэ журмыг урьдчилан судалж, худалдан авалт хийхдээ мэдээллийг сайтар нягталж байхыг зөвлөж байна.




